Иргэний улс төрийн эрхийн тухай хуулийн төслийн үр нөлөөний үнэлгээ, хууль зүйн дүгнэлтийг танилцуулав

Иргэний улс төрийн эрхийн тухай хуулийн төслийн үр нөлөөний үнэлгээ, хууль зүйн дүгнэлтийг танилцуулах хэлэлцүүлэг өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов.

Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, дэд дарга Б.Нэргүй, хуульч, судлаачдын төлөөлөл оролцлоо.

Танилцуулгыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр товч үг хэллээ. Тэрээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Иргэний улс төрийн эрхийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулж, үүнд хуульч, судлаачид оролцож, Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжээд явж байна. Төслийн эхний үр дүн болох Иргэний улс төрийн эрхийн тухай хуулийн төсөл гарч, олон удаа ярилцаж, орон нутагт хэлэлцүүлэг хийсэн.

Хуулийн төслийг УИХ-ын намрын чуулганд өргөн барихад бэлэн болсон гэж бодож байгаа. Түүнээс өмнө өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна” гэлээ.

Уг хуулийн төслийн хууль зүйн дүгнэлтийг  Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ч.Энхбаатар, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Ганзориг нар танилцуулж, хуулийн төслийн үр нөлөөний талаар хуульч Ж.Баярцэцэг мэдээлэл өгсөн юм.

Дүгнэлт, үнэлгээ хийсэн илтгэгчид уг хуулийн төсөл нь шинээр боловсруулагдсан, тодорхой харилцааг зохицуулсан  анхдагч хуулийн төсөл гэдгийг онцолж байлаа. Иргэний улс төрийн эрхийг зохицуулах шаардлагатай гэдгийг тэд тайлбарлалаа. Хуулийн зохицуулалт нь ард нийтийн санал асуулга явуулах, орон нутгийн санал асуулга явуулах, иргэдийн хуулийн төсөл уламжлах эрх, чуулганы болон Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд асуудал хэлэлцүүлэх эрх гэсэн эрхүүдийг энэ хуулиар баталгаажуулах зорилготой юм байна.

 

Хариулт үлдээх